Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Дундговь аймагт 2016-2017 оны өвөлжилтийн тойм
Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 2016 оны 11 дугаар сард Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Адаацаг, Өндөршил, Хулд сумдад олон жилийн дунджаас 1,1-2,1 градусаар хүйтэн, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдад олон жилийн дунджаас 1,5-1,8 градусаад дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, 12 дугаар сард олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас 1,3-5,9 градусаар дулаан байлаа. 2017 оны 01 дүгээр сард олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоо суманд олон жилийн дунджаас 1,2 градусаар хүйтэн, Гурвансайхан, Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,6-2,9 градусаар дулаан, 02 дугаар сард олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоо, Хулд сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3-5,4 градусаар дулаан байлаа.
Агаарт 30 градусаас хүйтэн 2017 оны 01 дугаар сард Сайхан-Овоо суманд 6 шөнө, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Адаацаг, Дэлгэрхангай сумдад 1-2 шөнө, 02 дугаар сар Сайхан-Овоо суманд 2 шөнө хүйтэрсэн, бусад нутгаар 30 градусаас давж хүйтрээгүй.
Хур тунадас тус аймгийн нийт нутгаар 2016 оны 11 дүгээр сард 4-7 удаа 0,6-4,8 мм буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон. 12 дугаар сард нийт нутгаар 2-6 удаа 0,8-4,2 мм буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Адаацаг, Баянжаргалан, Дэрэн сумдад олон жилийн дунджаас бага цас орсон. 2017 оны 1 дүгээр сард нийт нутгаар 1-5 удаа 0,2-2,5 мм хур тунадас буюу Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Адаацаг, Өндөршил, Өлзийт, Дэлгэрхангай сумдад олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас орчим буюу бага хур тунадас орсон. 2 дугаар сард нийт нутгаар 2-5 удаа 0,5-8,3 мм цас орсон ба олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Өндөршил суманд олон жилийн дунджийн орчим, Цагаандэлгэр, Адаацаг, Дэрэн, Луус сумдад олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тогтвортой цасан бүрхүүл тогтоогүй, нийт нутгийн 50 хувь нь 0 см зузаантай цастай. 12 дугаар сард Цагаандэлгэр суманд 6 см зузаантай, 0,25 гр/см3 нягттай, битүү 10 балл, Мандалговь, Сайхан-Овоо, Гурвансайхан, Адаацаг, Өлзийт, Баянжаргалан, Өндөршил сумдад 0-3 см зузаантай 5-9 баллын мөстсөн цастай, Дэрэн, Луус, Хулд сумдын нутгаар 1-4 баллын цастай. 2017 оны 01-р сард зарим нутгаар буюу зүүн захаар Цагаан дэлгэр, Өндөршил, баруун зах Сайхан-Овоо сумдад 3 см зузаан 0,26 гр/см3 нягттай, 9-10 баллын цастай, Дэлгэрхангай, Говь-Угтаал, Гурвансайхан, Адаацагт баруунаас бусад зүгт 5-9 баллын цастай, бусад нутгаар 1-4 баллын мөстсөн цастай байлаа. 02 дугаар сарын 28-ны байдлаар Сайхан-Овоо суманд 5 см дундаж зузаантай, 0,20 г/см3 нягттай, 5-9 баллын мөстсөн цастай, Цагаадэлгэр, Гурвансайхан, Говь-угтаал сумдад 1-2 см зузаантай, битүү 10 баллын сэвсгэр цастай, Мандалговь, Адаацаг, Баянжаргалан, Дэрэн, Өлзийт сумдад 0-1 см зузаантай, 5-9 баллын мөстсөн цастай, бусад нутгаар 1-4 баллын цастай буюу өдөртөө дулаарч цас хайлж тарлантсан. Өндөршил суманд цас хайлж цасгүй болсон. 03 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар нийт нутгаар цасгүй болсон.
Энэ өвөл халдварт хонины цэцэг өвчин тус аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн, Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Адаацаг сумдад гарч 1181 хонь өвчилснөөс 900 хонийг устгал хийсэн, үүнтэй холбоотой бүх сумдын хонин сүрэгт халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тарилгад хамруулсан.
2016-2017 оны өвөл тус аймгийн Сайхан-Овоо, Цагаандэлгэр сумдаас бусад сумдад бага зэргийн цасан бүрхүүлтэй, цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд болоогүй, салхи багатай, тогтуун, дулаанхан мал өвөлжилтөнд хонины цэцэг өвчнийг эс тооцвол тааламжтай байлаа.
УЦУОШГазар